Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 383 жилийн ойг угтан нийслэлийн анхны суурь тавьсан газар Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Энэхүү уламжлалын дагуу 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, Засаг даргын орлогч И.Доржсүрэн, Сумын ИТХ-ын дарга М.Дэжид, Засаг дарга М.Мөнхбаяр болон нутгийн иргэд удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү ёслолын үеэр Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж, лам, хуврагууд ном айлдаж, Улаанбаатр чуулгын уран бүтээлчид урлагын тоглолт хийлээ.
1639 онд анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарыг 5 настайд нь Ширээт цагаан нуурын хөвөөнд даахийг нь үргээж, Шар бүсийн ордон байгуулсан нь өнөөгийн нийслэлийн эхлэл байсан гэж үздэг. “Ширээ цагаан нуур” нь Монгол улсын төв цэгээс холгүй, Бүрд сумын төвөөс хойш 20 гаруй километрийн зайд Их Монгол, Бага Монгол хоёр уулын хооронд, Монгол элсний манханд далайн түвшнээс дээш 1488 өндөрт өргөгдсөн байгалийн өвөрмөц тогтоцтой оршдог юм.